2012-03-25
Хүүхдээсээ хэрхэн суралцах вэ?

Хүүхдээсээ суралцаж болно

Хүүхэд биднийг дуурайн ямагт суралцаж байдаг. Харин бидэнд хүүхдээсээ суралцах, санаа авах зүйл байдаг болов уу?

Хүүхэд, ялангуяа бага насныхан бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Хүүхдийн дараах онцлогуудыг томчууд бид өөрсөдтэйгээ харьцуулан авч үзье.

Тэд бидний тусгал
Бага насныхан бол бидний хэлснийг дуурайн хэлнэ, хийснийг мөн адил давтана. Хүүхдийн хэлсэн, хийснээс бид өөрсдийгөө ямаршуухан аав, ээж вэ гэдгээ тольдон харж болно. Алдаа дутагдал гаргасан бол бүр ч тодорхой харагдана даа. Тэгэхээр тэд бол зарим тохиолдолд бидний хүмүүжүүлэгч ажээ.

Тэд бол үнэнч хүмүүс
Бид үнэнч шударга байх ёстойг мэддэг, эрхэмлэдэг. Гэвч томчууд айснаас, зарим зүйлийг нууж бүрхэгдүүлэх, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд эелдэг (дипломат) байдлаар харьцах эсвэл тодорхой зүйлийг бүтээх зорилгоор томчууд өдөртөө цөөнгүй удаа худал хэлдэг ажээ. харин бага насныхан бол худал хэлэхийг мэддэггүй, тэд ямар ч шүүлтүүргүйгээр, өршөөлгүйгээр үнэнийг хэлдэг, заримдаа ээж аавыгаа сандрал цоцролд оруулах нь ч бий.

Тэд зоригтой, тууштай
Та хүүхдээ ямар нэг зүйлийг хийж сурч байгааг сайн ажиглаарай. Эргэж хөрвөдөг болох, явж сурах, анхныхаа үгийг хэлж сурах гэх мэт. Тэд шантарна гэж үгүй. Өнхрөөд унаж байсан ч буцаж босож зогсоод удаан гонгинохгүйгээр дахин түүнийгээ оролдож эхэлнэ. Дахин дахин давтаж хийнэ. Тухайн зүйлээ хийж суртлаа уйгагүй оролдоно.

Уучилж чаддаг
Хүүхэд зуумтгай биш. Тэд эцэг эхийгээ бараг бүх зүйл дээр уучилж чаддаг. Санаж бодсоноо шууд л чөлөөтэй хэлнэ. Тэд нэг үе учиргүй их уурлаж, бухимдаж байвч төдөлгүй бүгдийг мартаж хэвийн болдог. Ямар нэг таагүй үйл явдлын дараа томчууд бидний толгойд байн байн орж ирж шаналгадаг зүйл тэдэнд үгүй.

Яагаад?
Сониуч зан бол тэдний төрөлхийн бөгөөд хөгжихөд нь чухал хэрэгцээт зүйл. Байнгын ажиглалт, судалгаа, “нээлт”-ийнхээ явцад тэд амьдралдаа хэрэг болох зүйлд байнга суралцаж байдаг. Олон насанд хүрэгчдийн хувьд энэхүү зан чанар алга болсон байдаг. Угтаа сониуч зан бол биднийг цаашид хөгжүүлэх хүчин зүйл, хүн насан туршдаа л шинэ зүйлд суралцаж байх ёстой.

Инээвэл эрүүлжинэ
Хүүхдийн хөгжилтэй инээд тэдний хөөр баяслын илрэл байхын зэрэгцээ хэдэн секунд ч гэсэн томчуудыг элдэв бодол, сэтгэл санааны зовнилоос нь ангижруулж, таатай сайхан болгодог. Хүүхдийг инээхэд томчууд голдуу даган инээдэг. Хүүхдийн адилаар ээж, аав нар үнэн сэтгэлээсээ элгээ хөштөл, нулимсаа дустал инээж чаддаг бол гэр бүлийн гишүүн бүрт таатай, эрүүл саруул байхад ч тустай.

Өөр өнцгөөс харах
Хүүхэд орчин тойрноо-бүгдийг тал талаас нь хардаг учир томчуудын анзаардаггүй зүйлийг ч олж харсан байдаг. Ээжийн ээмэг, айлын эмээгийн аяган дээрх цэцэг гэх мэт жижиг сажиг зүйл ч тэдэнд сонин, тэд олоод харчихна. Бид тэдний нүдээр орчин тойрноо нягтлан харвал олон шинэ зүйлийг олж харах вий. Хүүхэд томчуудыг бодвол өөрийгөө бусдын байр суурин дээр амархан аваачиж тавьж чаддаг. Тэд аав, ээж болж тоглож байснаа эмч, худалдагч болно эсвэл цагдаа болно. Ингэснээрээ тэд бусдыг илүү ойлгоно, зөрчлийг амархан шийднэ.

Ийнхүү бид хүүхэд хэмээх энэхүү “чөлөөт сэтгэгч”-ийн байр сууринд өөрийгөө түр ч болов аваачих юм бол тэднээс суралцах зүйл бишгүй байдаг ажээ.


Бичсэн: сургалтын блог | цаг: 11:40 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax