Хүүхдээ урамшуулах ба шийтгэх
Урамшуулал
“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэсэн үг байдаг. Урамшуулна гэдэг нь хүүхдээ сайшаан үнэлж, талархаж байгаагаа
илэрхийлэхийг хэлнэ. Урамшуулал нь хүүхдийн эерэг зан чанар, сэдэл тэмүүлэл, бусадтай харилцаж буй байдал, хийж гүйцэтгэсэн ажил үйл гээд юунд ч хамааралтай байж болдог.
Яаж илэрхийлэх вэ?
Та талархал, хүндэтгэлээ юуны өмнө урам зориг өгсөн сайхан үгсээр илэрхийлж болно. Үүнд таны гэрэлтсэн сайхан царай, бахархалтай инээд хүч нэмнэ. Өдөр тутмын амьдралдаа та урам зориг өгсөн эелдэг үгс хэрэглэснээр хүүхдээ урамшуулахын зэрэгцээ гэр бүлдээ халуун дулаан, хайр халамж бүхий таатай уур амьсгалыг бий болгоно. Зарим ээж аав нар хүүхдээ тоглоом, гоё хувцас, мөнгө гэх мэт материаллаг зүйлсээр урамшуулах нь бий. Ийнхүү материаллаг зүйлсээр байнга урамшуулвал хүүхэд заавал нэг юм авч байж санаа нь амардаг, яваандаа хэр баргийн юмыг тоохгүй болж болзошгүй. Нөгөөтэйгүүр хүүхэд тань гэртээ аятай сайхан уур амьсгалд өсөж бойжих тохиолдолд материаллаг урамшуулалд тэр бүр шимтээд байхгүй. Хүүхдээ сайн байсных нь төлөө тоглоомын парк (“Хөх хулганы орон” мэтийн)-д тоглуулах, салхинд, хөдөө хаашаа явахыг сонгуулах, хамт авч явах зэргээр мөн урамшуулж болох юм.
Урамшууллын зарим үгс
• Ээждээ тусалдаг сайн хүү шүү
• Миний охин ороо ямар гоё хураагаа вэ?
• Ухаантай хүүхэд шүү
• Миний хүү том л болж байна даа
• Би ийм л охинтой байхыг хүсч байсан
• Сайхан сэтгэлтэй хүүхэд шүү
• Миний хүү ч тусч хүүхэд дээ
• Миний охин авъяаслаг шүү
• Чи мундаг шүү дээ, чадна
• Үгэнд сайн ордог онц хүүхэд
• Өөрөө хувцсаа өмсдөг мундаг хүүхэд
Та хүүхдээ ингэж зөв урамшуулна
• Таны урамшууллаар хүүхэд тань өрийнхөө амжилт, сайн талыг үнэлж байна гэдгийг мэдэрч байх нь чухал.
• Хүүхдээ ямар нэг зүйл хийснийх нь төлөө бус өөрийнхөө хүсэл, санаачилгаар хийж байгаад нь дуртай байгаагаа илэрхийлэх.
• Хүүхдэдээ тохируулан урамшууллаа бодлоготойгоор сонгох. Хэрэв хүүхэд тань удаан хугацаанд ямар нэг тоглоом авахуулахаар хүсээд байсан бол түүнийг нь авч өгвөл хүүхдээ хүндэтгэж байгаагийн нэг илрэл болно.
• Зарим тохиолдолд хүүхэд хүссэн амжилтдаа хүрээгүй мөн алдаа дутагдал гаргасан байж болно. Гэхдээ хүүхэд өөрөө сайн байхыг хүсэж байж болзошгүй. Тэгвэл зүтгэлийг нь үнэлж, талархалтай байгаагаа мэдрүүлнэ.
• Хэрэв урамшууллаар ямар нэг аялал хийхээр шийдсэн бол хаашаа явах, ямар цаг хугацаа зарцуулахаа ярилцаж тохирно. Ярьж тохирсноо хэрэгжүүлэхгүй бол урам зоригийг нь амархан хугална.
Шийтгэл
Шийтгэлийн эх үүсвэр
Дээхэн үед олонхи эцэг эх хүүхдээ өөртөө захирагдах, дасан зохицохыг шаарддаг байсан. Тэгээд хэлсэн, шаардсаныг нь биелүүлээгүй тохиолдолд хүүхэд буруутан болно, шийтгэл хүлээж ч мэднэ. Эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг иймэрхүү хандлага, төсөөлөл хүүхдийн сэтгэл санаанд нийцэхгүй байх нь хоорондоо ойлголцохгүйд хүргэдэг. Гэхдээ сүүлийн үед цөөнгүй ээж аав хүүхдээ сонсдог, ойлгохыг хичээдэг, хүүхэдтэйгээ нөхөрсгөөр харьцдаг болжээ. Мөн хүүхэд дэггүйтэх, ээж аавынхаа хэлсэн, хүссэнийг биелүүлэхгүй байх, этгээд зан авир гаргах зэрэг нь шийтгэлийн эх үүсвэрийг тавьдаг. Нөгөөтэйгүүр эцэг, эхийн харилцааны доголдол (архи дарс хэтрүүлэн хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах, үглэж янших гэх мэт) нь хүүхдийн ааш занд сөргөөр нөлөөлнө. Ер нь гэр бүлийн гишүүдийн хоорондын таагүй уур амьсгал аливаа зөрчил үүсэх хөрс болно.
Шийтгэлийн үр дагавар
Эцэг эх хүүхдээ загнах, зандрах, өөр өрөөнд оруулах, номхон зогсоох, цаашилбал зодох гэх мэтээр шийтгэдэг. Хүүхдийг зодох талаар ээж аав нар ч бас “Хүүхдийг зодож болохгүй. Тийм харгис юм гэж юу байхав”, “Хүүхдийг зодоход барцад нь гараад зүгээр шүү дээ” гэх мэтээр харилцан адилгүй бодолтой байсаар байна.
Эцэг эх хайраа умартан хүүхдэдээ хүйтэн ширүүн хандаж, бие, сэтгэлийн дарангуйлал үзүүлсэн, ялангуяа зодсон тохиолдолд тэдэнд насан туршид нь мартагдахгүй таагүй сэтгэгдэл үлдэнэ. Энэ нь дахин давтан тохиолддог бол бүр ч аюултай. “Хэрэв та ийм арга хэмжээг сонгож хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд тань өөрийг нь дорд үзэж бөхөлзүүлж буй сэтгэгдэл төрж, өөрийгөө доройд үзэх ба зөрүүд, түрэмгий зан авиртай, ихэнхдээ зөвхөн наанаа нүүрэн талдаа л зохицох хандлага үзүүлж, зүрх сэтгэлд нь нааштай үр дүн-өөрчлөлт гарахгүй (1). Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань том болоод өөрийнхөө хүүхдийг зодохгүй гэсэн баталгаа байхгүй.
Ер нь аливаа шийтгэл нь хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөө багатай, урагшгүй арга. Эцэг эх хүүхдээ цохиод, нудраад авдаг нь хүүхэдтэйгээ ажиллах арга барил дутмагийн илрэл юм.
Шийтгэхийн оронд
Та хүүхдээ шийтгэхээс ямагт зайлсхийж, дараах зүйлсийг анхаарна уу.
• Гэр бүл дэх таатай халуун дулаан уур амьсгал нь хүүхдэд шууд бусаар нөлөөлж, тэд элдэв этгээд зан авир гаргаад байхгүй.
• Хүүхэд тань зүй бусаар харилцсан тохиолдолд учир шалтгааныг нь олох, хүүхдээ ойлгохыг хичээх.
• Хүүхдээ ойлгохын тулд өдөр бүр богино ч болов хүүхэдтэйгээ ярилцах, хүүхдээ "сонсох” цаг гаргах.
• Хүүхдэдээ хатуурхахгүй байх. Хүүхэд алдаа гаргаж болно, алдаанаасаа тэд суралцдаг.
• Шийтгэлийг давхар оноохгүй байх. Жишээлбэл, хүүхэд бүдэрч унахад түүнд өвдөлт нь хангалттай. Дээрээс нь үглэж загнах бол илүүц.
• Тавьсан шаардлагадаа тууштай байх. Та эхлээд хориглож байсан зүйлээ хэсэг хугацааны дараа зөвшөөрөх юм бол хүүхдийн итгэл алдарч, дараагийн шаардлага тань үр дүн багатай болно.
• Өөрийнхөө уурыг гаргах оролдлого хийх. Энэ нь хүүхэдтэйгээ зохистойгоор харилцах, асуудлыг бодитой шийдвэрлэхэд тустай.
Эцэг эхийн алдаа
Энэ удаа эцгийг нь нэмэлт хүч болгон авч ирснээр байдал улам дорджээ. Анхаа газарт харуулдан унаад дээш харан чарлаж, хавьтсан бүхнийг тийрч гарлаа. Хазаж ч мэдэхээр
байв. Түүний хувцас биеэсээ хагас салж, үс нь боолтноосоо мултран сэгсийгээд, нүүр нь сарман халтар болсон ба жаахан хүүхэд гэхэд хэцүү харагдахаар болов. Ямар нэг хэтрүүлэгтэй киноны үзэгдэл мэт санагдана. Ойр хавийнх нь эцэг, эхчүүд тэдэнд дэм болох санаа өвөрлөвч, найдвар багатайгаар хий л хүүхдээ холтгонгоо: -Энэ маамааг хар даа, ийм муухай уйлж байна гэцгээсэн юм. (Цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхэд хүлээн авах өрөө, 8 цаг 25 минут)
Хүүхэдтэйгээ түрэмгий байдлаар харилцах эсвэл хүүхдээ зөнд нь орхих зэрэг эцэг эхийн хүүхэдтэй харьцахдаа гаргадаг алдааг бид өмнө нь сайтдаа хөндөж байсан. Эдгээрээс ялгаагүй эцэг эхийн анхаарч байвал зохих харилцааны нэгэн хандлагыг энд авч үзлээ.
Сүүлийн жилүүдэд бид хүүхдийн эрхийн асуудлыг багагүй ярьдаг болсон. Мөн ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүүхдийн хөгжил, хүмүүжлийн асуудлаар олон улс орны туршлагатай танилцах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь ч нэмэгдсэн. Үүний үрээр эцэг эх, багш нарын хүүхдэд хандах хандлага, тэдэнтэй ажиллах арга барил өөрчлөгдсөөр байна. Томчууд хүүхдийг ойлгох, хүндэтгэх мөн тэднийг чөлөөтэй нээлттэй байлгах, эрэлт хэрэгцээг нь хангахад багагүй анхаарах болжээ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ зарим залуу эцэг эх хүүхдээ чиглүүлж шахаж шаардах дургүй, бид хүүхдээ дээр үеийнх шиг “диктатур”-ын аргаар хүмүүжүүлэхгүй шүү, элдэв дарамтгүй, чөлөөтэй, дураар нь байлгана аа гэх нь бий. Ийм бодол, хандлагадаа итгэсээр нэг мэдэхэд ээж аав нь хүүхдийнхээ атганд орж, хүүхэд нь дураараа авирлагч “бяцхан дарангуйлагч” болчих вий дээ. Анхаагийн авирлаж буй байдлыг харуулсан дээрх жишээ бол үүний нэгэн илрэл юм.
Дураараа авирлагчид яаж төрдөг вэ?
Бидний одоо тэмүүлэн байгаа хүүхдийн эрхийг бүрэн хангах, тэднийг чөлөөтэй байлгах хандлага өрнөдийн орнуудад эрт бий болж, одоо харин түүнийхээ үр дүнг цэгнэн үзэж байна. Жишээлбэл, ХБНГУ-д энэ хандлагын дагуу зарим ээж аав хүүхдээ чөлөөтэй байлгаж, хүсэл сонирхлыг нь онцгойлон авч үздэг болсон байна. Мөн зарим цэцэрлэгт “нээлттэй ангиуд” бий болж, хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхлоор аливааг хийж, өдрийн дэглэмээ хүртэл бараг хүүхэд өөрсдөө шийдэх боломжтой болж, багш нар нь тэдний сонирхол, баяр баясгаланг тэргүүн зэрэгт тавьж, тэднийг удирдан чиглүүлж, засаж залахаасаа илүү аялдан дагах болсон аж.
Ийм байдалд хүүхэд томчуудаас бараг ялгагдахгүй, томчуултай адил тэгш эрхтэйгээр харилцагч, хамтрагч болж, тэдний зиндаанд очно. Энэ нь хүүхдэд удирдлагыг гартаа авах боломж олгодог ажээ. Ийнхүү томчуудын хүүхэдтэй харилцах харилцааны доголдлоос үүдэн дураараа дургигчид гарч ирж байгааг германы зарим судлаачид шүүмжлэх болжээ. Үүнийг бид ч бас анзааралгүй өнгөрч боломгүй.
За, энэ ч арай хэтэрнэ ээ. Хүүхдийнхээ атганд ороод аялдан дагаад байхдаа ч яахав гэж та бодож магадгүй. Гэтэл хайртай хүү/охиныхоо атганд орох тун амархан бололтой. Та дараах нөхцөл байдалд хэрхэн хандахаа өөрөө бодоод үзээрэй.
- Дэлгүүрт хүүгээ дагуулаад ороход хүү тань тавиур дээр тавьсан гоёмсог улаан машиныг авахуулна гэв. Тэрээр “аваад өгөөч дээ” гээд гонгинож байснаа бүр бахирч эхлэв. Гэтэл танай гэрт түүнээс нь ялгаагүй машин байгаад байдаг. Хүмүүсээс санаа зовсондоо та машиныг нь авч өгөх үү, эсвэл?
- Ой хагастай охин тань чихрийн амтыг мэддэг болчихож. (Гэхдээ хүүхэд чихэрлэг амтыг мэдрээгүй тохиолдолд дурлаад байдаггүй) Зочны хажуугаар тавагтай чихэр рүү зүтгэж, нэгийг аваадахлаа. Орой унтах дөхөж байсан болохоор чихэр идүүлэхгүй санаатай чихрийг гараас нь авав. Охин орилж гарлаа. Одоо яахав?
Яавал дээр вэ?
• Хүүхдийг “хүүхэд” чигээр нь харж, эцэг эхийнхээ үүрэг, ролийг гүйцэтгэн гараасаа алдахгүй байх. Энэ нь захиргаадна гэсэн үг биш. Хүүхэдтэйгээ ойр дотно, хайр халамжтай байна, харин зүг чигийг нь зааж өгнө. Бага насныханд бүхнийг өөрсдөө шийдэх чадвар, туршлага байхгүй.
• Хүүхдэдээ сайн байгаа, хайртай байгаагаа мэдрүүлэх гээд хүүхдэдээ хориг хязгаарлалт тавилгүй, байнга дураар нь байлгавал сөрөг үр дагавартай. Та хүүхэд маань дургүйцнэ гээд хүссэнийг нь байнга зөвшөөрөөд байх албагүй. Хүүхдэдээ сайн байгаагаа мэдрүүлэх нь биш, харин амьдралд хөлийг нь тавиулах, амьдрах чадвартай хүн болгох нь бидний эцсийн зорилго.
• Бид хүүхдээсээ дуулгавартай байх, сургах, мэдүүлэхээр хүссэн зүйлээ биелүүлэхийг шаардаж болно. Жишээлбэл, гутлаа өмсөх, үдэж сурах, тоглоомоо эмхлэх, хүнтэй мэндлэх, хүмүүсийн яриан дундуур орохгүй байх гэх мэт. Энэ нь тэдний амьдралд, “хүн” болоход тустай.
• Өөрийгөө томчуудаас тусгаар хүн гэдгээ мэдэрч, тэднээс үлгэр дуурайл, загвар авч, түүнийгээ олон дахин давтан хэрэглэснээр хүүхдийн сэтгэл санаа, зан авир төлөвшин тогтдог. Тэгэхээр хүүхдэдээ байнга үлгэр дуурайл үзүүл.
• Хүүхдийн харилцаатай холбогдох ямар нэг асуудал гарвал хүүхдээ өмөөрч бусдаас бурууг хайлгүй, эхлээд өөрийнхөө хүүхдэдээ ханддаг хандлага, хүмүүжлийн арга барилыг эргэн хараарай.